Блогын мэдээ

Буцах

02 May, 2016

“ГАРААНЫ БИЗНЕС” НЭВТРҮҮЛЭГ


“СТАРТАП МОНГОЛИА” төрийн бус байгууллагаас эрхлэн явуулдаг “ГАРААНЫ БИЗНЕС” TВ ШОУ НЭВТРҮҮЛГИЙН 2 дугаар улирлын 16 дугаар зочноор “ЭН ЭЙ ПИ” ХХК-ийн захирал М. Уянга оролцож байсан бөгөөд түүний ярилцлагыг хүргэж байна.

Хөтлөгч Д.Бат-Октябрь: Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Архитектор хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

М.Уянга: Уран бүтээлч хүн. Гоё сайхан зүйл сэтгэдэг, төлөвлөдөг, тухайн боловсруулж буй зураг төсөл маань Захиалагч буюу хөрөнгө оруулагчийн хувьд эдийн засгийн үр өгөөж байна уу, хүний эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг хангаж байна уу гэх зэрэг бүх талаас нь харж шийдвэрлэж байдаг хамгийн гол хүн гэж хэлж болно.

Хөтлөгч Д.Бат-Октябрь: Архитектор хүн туршлагатай байх  хэрэгтэй байх тийм үү? Таныг харахад туршлагатай гэж хэлэхэд хэцүү, маш залуу харагдаж байна.

М.Уянга: Туршлага бол архитектор хүнд заавал байх ёстой зүйл. Миний хувьд хамгийн түрүүнд тулгарсан асуудал бол энэ байсан. Одоогийнхоос 8-9 жилийн өмнө гэхэд би илүү залуу туршлагагүй байсан. Тийм хүнд хүмүүс итгэл хүлээлгэх хэцүү байсан байх. Хамгийн хэцүү, хүндрэлтэй байсан зүйл бол “Туршлагагүй” гэдэг үг байсан. Энэ үг бараг миний өрсөлдөгч байсан. Үүнээс болж зөндөө захиалагч, хөрөнгө оруулагчаа, ажлаа алдаж шантрах үе гардаг байсан.

Хөтлөгч Д.Бат-Октябрь: Туршлагагүй гэхдээ чадна гэдгээ хөрөнгө оруулагч, захиалагчдад яаж баталж чадсан бэ?

М.Уянга: Надад цаг хугацаа орсон. Өнөөдөр би 8 жилийг ардаа үлдээсэн байна. Энэ хугацаа бол нэг талаараа богинохон мэт боловч нөгөө талаараа чамгүй урт хугацаа. Эхний 4 жил бол маш хэцүү байсан. Зөндөө хүнд янз бүрээр хэлүүлсэн. Зөндөө хөрөнгө оруулагч, захиалагчаа алдсан. Мөн манай салбарын ахмад туршлагатай хүмүүс ч бас намайг хүлээж авах, хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байсан байх. Гэхдээ тэр дунд энэ залуу хүмүүс сурч мэдэж хийг гэж хэлэх, урам зориг өгөх хүн цөөхөн боловч байсан. Тэдгээр хүмүүст цаг хугацаа, миний хийсэн зүйл, хөдөлмөрч байдал маань бүхнийг харуулсан байх гэж би боддог. Гэхдээ одоогийн хийж бүтээсэн бүх зүйлийг би ганцаараа хийсэн зүйл биш ээ бүхэл бүтэн багийг бүрдүүлж хийж байгаа. Энэ багийг сайн удирдан жолоодох хүн хэрэгтэй. Баг маань нэг зорилготой, нэг үзэл бодолтой, нэг тэмүүлэлтэй байх ёстой. Манай баг одоог хүртэл хамт байгаа, амжилттай ажиллаж байна. Ерөөсөө л тухайн хүний тухайн багийн хийсэн бүтээсэн зүйл л тэр хүнийг, багийг тодорхойлдог, харуулдаг.  Тийм учраас тодорхой хэмжээний цаг хугацаа орно. Цаг хугацаа бол бүхнийг харуулна л гэж боддог.

Хөтлөгч Д.Бат-Октябрь: Та анх эхлэхдээ баг байгаагүй. Ганцаараа эхэлж байсан. ер нь яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?

М.Уянга: Намайг 10 жилээ төгсөж байх үед ихэнх хүүхдүүд хуульч болно гэж хуульд бэлдэж байсан. Би ч бас тэр хүүхдүүдийн адил хуульч болно гэж бодож хуулийн сургуульд орохоор бэлдэж байсан. Яг шалгалт дөхөөд ямар шалгалт өгөх ёстойгоо сонгох болоход нэг өдөр гэр бүлийн хурал хийгээд намайг чи шалгалтаа хуулиар өгөхгүй, чамайг хуульч болгохгүй. Чи архитектор бол. Одооноос эхлээд зургийн бэлтгэлд яв гэж хэлсэн. Би тухайн үед зүгээр л зөвшөөрсөн. Гэхдээ манай аав миний багадаа буюу 5, 6 настайдаа өрөөний байгуулалт зураад түүн дотроо тавилга байрлуулаад сууж байхыг хараад намайг ирээдүйтэй гэж харсан байж магадгүй. Тиймээс нэг өдөр манай аав ах хоёр миний амьдралыг шууд шийдсэн. Тэгээд энэ мэргэжлийг сонгох болсон.

Хөтлөгч Д.Бат-Октябрь: Хаана төгссөн бэ? Сургуулиасаа хир их юм сурч авсан гэж бодож байна.

М.Уянга: Монгол Улсын Техникийн их сургууль буюу намайг төгсөх үед Барилгын инженерийн сургуульд 4 жил сурч төгссөн. Мэдээж би сургуульдаа анхны сууриа тавьж үргэлжлэлийг бол ерөөсөө л практик буюу ажил дээр гарч байж сурсан. Миний хувьд би суралцангаа ажил хийдэг байсан. Анхны цалингаараа хонхны баяр тэмдэглэх мөнгөө олж байлаа. Миний анхны ажиллаж байсан төсөл Зайсан толгойн баруун талд байсан. Тэнд би амины сууцны эскиз зургийг ажлын зурагтай нь хамт хийж байсан нь миний хамгийн анхны ажил байсан. Энэ байгууллагад би жил гаран ажилласан бөгөөд ажлын маань хажуугаар халтуур буюу жижиг барилгуудын захиалгууд орж ирдэг байсан. Энэ үеэс компани байгуулж ажиллах санаа орж ирж дэлхийн алдартай барилгын зураг төслийн компаниудыг судалж үзэхэд өв залгамжлагдан ирсэн 100 орчим жилийн түүхтэй дэлхийд танигдсан компани болж хөгжиж чадсан байсан учир манай аав ах гээд гэр бүлийн хүмүүс маань бүгд архитектор, мөн жижиг ажлууд орж ирж байсан учир ер нь зориглоод үзье гэж шийдсэн. Ингээд шууд өөрийн анх ажиллаж байсан компанийн хажууд жижиг өрөөг сарын 300,000 төгрөгөөр түрээсэлж энэ тухайгаа аавдаа хэлсэн. Тэр үед аав минь энэ ер нь чадах болов уу гэсэн харцаар намайг харж байснаа миний өрөөг очиж үзсэн.  Маргааш нь Мишээл экспо хамт орж дөрвөн ширээ дөрвөн сандал 1,500,000 төгрөгөөр авч өгч байсан.    Энэ нь манай  компанийн  хамгийн эхний бөгөөд хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Ингээд өрөөндөө ганцаараа сууж эхэлсэн. Үүний дараа доод курсынхаа залууд хамтран ажиллах санал тавьж хамтран ажиллахаар болж үйл ажиллагаагаа эхэлсэн.

Хөтлөгч Д.Бат-Октябрь: Үйл ажиллагаа чинь хэзээнээс жигдэрч эхэлсэн бэ?

М.Уянга: Надад хугацаа орсон. Эхний 5 жил бол байнгын санхүүгийн асуудалтай, туршлагагүй гэсэн асуудалтай байсан. Сүүлийн 3 жилээс л гайгүй болж эхэлж байна.

Хөтлөгч Д.Бат-Октябрь: Энэ урт хугацаанд байнга асуудалтай хэцүү байгаагүй юу. Яагаад бууж өгөөгүй вэ?

М.Уянга: Надад ухрах сонголт байгаагүй. Мэдээж хүн учир шантрах үе зөндөө байсан. Тэр үед өөрөө өөртэйгөө ярьдаг байсан. “Уянгаа чамайг хэн ч ийм зүйл хий гэж хүчлээгүй, энэ замыг чи өөрөө л сонгосон”, “Магадгүй удахгүй надад илүү их боломж ирэх гэж байхад нь би шантарч байгаа юм биш байгаа даа”, “Үүнийг л давчихвал хэцүү бүхэн ард үлдэх гэж байхад би орхих гэж байгаа юм биш байгаа даа” гэх мэтээр бодож өөрийгөө зоригжуулдаг байсан. Бүр хэцүү  санагдсан  үедээ больё,  ингээд  орхиё энэ миний хийх зүйл биш байна гээд болих гэхээр би зорилгоо биелүүлээгүй, хүрээгүй байсан.

Хөтлөгч Д.Бат-Октябрь: Таны зорилго юу байсан бэ?

М.Уянга: Надад хэд хэдэн зорилго байсан. Тухайлбал: Компаниа хөл дээр нь босгож улсын хэмжээнд ядаж л салбарынхаа хэмжээнд тодорхой хэмжээний байр сууриа эзэлсэн нэр хүндтэй компани болгох, нэг зорилготой, мөрөөдөлтэй, тэмүүлэлтэй сайхан өөрийн гэсэн багтай больё гэж бодож байсан. Эдгээр зорилгод хүрээгүй байсан.  Энэ бүхнийг орхиод болих гэхээр намайг гэсэн баг хамт олон маань яах вэ? Би ганцаараа биш энэ олон хүний хүсэл мөрөөдлийг авч яваа хүн шүү дээ гэж бодохоор надад ухрах, шантрах эрх байгаагүй.

Хөтлөгч Д.Бат-Октябрь: Одоо эргээд харахад компаниа хөл дээр босгоход яг юу танд нөлөөлсөн бэ?

М.Уянга: Өөрийн гэсэн сайхан багтай болсон нь л хамгийн том амжилт юм уу гэж хардаг. Компанийн хамгийн үнэтэй зүйл нь хүний нөөц. Монголд хүний нөөцийн асуудал хэцүү л гэдэг гэхдээ цагаа тулахаар тийм ч хэцүү хүнд зүйл биш ээ. Учир нь би ажилтан бүртэйгээ ганцаарчлан түүнд цаг гаргаж ажилладаг. Түүнд юу хэрэгтэй, тэр хүн ямар зорилготой, юу нь болохгүй байна, энэ компанийн зорилго зорилт гэх зэргээр ярилцаж хамгийн гол нь компанийнхаа зорилгыг л сайн ойлгуулах нь буюу өөрөөр хэлбэл бид бүгд нэг мөрөөдөл, нэг зорилго, нэг тэмүүлэлтэй болох нь л чухал юм байна гэж бодсон.

Хөтлөгч Д.Бат-Октябрь: Одоо хэдэн ажилтантай болсон бэ? Ажлын байраа томруулсан уу.

М.Уянга: Одоо манай компани надтай нийлээд 21 болсон. Ажлын байрны хувьд мэдээж том болсон. Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо буюу ISO 9001: 2008, MNS ISO 9001: 2010 стандартыг нэвтрүүлээд одоо 2 жил болж байна. Эдгээр стандартыг нэвтрүүлснээр компанид тавигдах шаардлага нэмэгдсэн. Тухайлбал ажлын байранд тавигдах шаардлага нэмэгдэж ажлын байраа томруулсан, албан тушаал бүр өөрийн гэсэн чиг үүрэгтэй болж үүнийг дагаад хариуцлага нэмэгдэж бүх үйл ажиллагаагаа журмаар зохицуулж зохион байгуулж эхэлсэн. Магадгүй манай компанийн өнөөдрийн хүрсэн түвшин маань ингэж бүх үйл ажиллагааг цэгцэлсэнтэй холбоотой байх. Энэ үйл ажиллагаа нь манай компанийн хувьд нэлээд цаг хугацаа, санхүүжилт шаардсан ажил байсан.

Хөтлөгч Д.Бат-Октябрь: Санхүүжилт шаардсан гэдэг нь тухайлбал:

М.Уянга: Тухайлбал хүний нөөцөө сургасан. Зураг төслийн компанийн хамгийн чухал зүйл нь мэргэшсэн чадварлаг хүний нөөц байдаг учир ажилтнуудынхаа ур чадвар, идэвх санаачилгыг хэрхэн дээшлүүлэх вэ гэх мэтээр байнга анхаарч сайжруулж байхгүй бол энэ салбар маань өрсөлдөгч ихтэй, ойролцоогоор 600-700 компани байдаг.

Хөтлөгч Д.Бат-Октябрь: Танай компани жилд олдог орлого, захиалгаараа бусад компанитай харьцуулбал хэдэд орох байх гэж бодож байна.

М.Уянга: Би өөрийгөө тодорхойлох нь буруу байх гэж бодож байна. Хийдэг ажлын хувьд жилдээ багадаа 10 ажил хийдэг. Санхүүжилтийн хувьд жилдээ дунджаар олдог орлого бол янз бүр байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд барилгын салбар өсөлттэй сайн байлаа. Зураг төсөл 1м2 нь 15-18 мянга төгрөгийн үнэтэй байдаг. Ер нь янз бүр байдаг.

Хөтлөгч Д.Бат-Октябрь: Танай компани хүний нөөцөө сайн бэлдээд сургаад ажиллаж байтал өрсөлдөгч компани чинь илүү цалин амлаад авч ажиллуулах тохиолдолд гарвал танай компани ямар арга хэмжээ авах вэ?

М.Уянга: Би тийм асуудал дээр айдаггүй. Яагаад гэвэл хүнтэйгээ сайн ажилладаг. Ингэхдээ жилд тухайн хүнийг дүгнэж маш сайн ярилцдаг. Өөрөөр хэлбэл энэ нэг жилийн хугацаанд юу сурч мэдсэн, юун дээр алдав, надад ямар дутагдал байна, цаашид юу хийнэ гэж бодож байна, надаас шаардлагатай юм байна уу гэх зэргээр ярилцдаг. Энэ ярилцлага уулзалтын дараа залуучууд маань нэг хэсэгтээ л маш сайн ажилладаг. Ер нь манай компанид ажилладаг залуучууд маш чадварлаг мундаг залуучууд байдаг. Би өөрийгөө маш азтай хүн гэж боддог. Манай залуучууд бусад компаниуд уруу явахгүй гэдэгт би маш итгэлтэй байдаг. Учир нь тэд надад байнга ажилдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлдэг, цаашид юу хийх яах талаараа үргэлж ярьдаг. Үүнд маш сайн бодлого хэрэгтэй.

Хөтлөгч Д.Бат-Октябрь: Компани өргөжиж томрох тусам таны ажил үүргийн хуваарь буюу хийх ажил тань багасаж байна уу?

М.Уянга: Мэдээж. Өмнө нь хүн цалинжуулж чадахгүй байсан учир компанид шаардлагатай бүхий л албан тушаалтны үүргийг өөрөө гүйцэтгэж байсан. Одоо бол бүх зүйл тодорхой болсон учир арай жоохон завтай болсон. Гэхдээ би чөлөөтэй зүгээр суугаагүй. Ажилдаа алдаа гаргахгүйн тулд бүхий л ажлаа хянаж, шалгаж байдаг. Учир нь барилгын салбар өөрөө маш их хариуцлагатай салбар. Жоохон ч гэсэн алдаа гаргаж болохгүй. Жоохон л алдаа гаргасан тохиолдолд цаана нь хүний хөрөнгө байж байдаг.

Хөтлөгч Д.Бат-Октябрь: Одоо танд жоохон зав гарч байна уу?

М.Уянга: Тиймээ. Гэхдээ жоохон завтай болсон чинь надаас шалтгаалахгүйгээр эдийн засгийн хямрал үүсэж байгаатай холбоотойгоор барилгын салбар муудаж байна. Иймээс надад зүгээр суух эрх байхгүй байна. Яагаад гэвэл манай ажилтнууд ажилгүй болно. Би тэдгээр хүмүүсийг ажилтай байлгах, орлоготой байлгах үүрэгтэй. Бүх ажилтныхаа биш юмаа гэхэд ядаж зарим хүнийх нь мөрөөдлийг биелүүлмээр байна. Тиймээс би үргэлжлүүлэн эрчимтэй ажиллаж байгаа. Надад одоо энэ он дуусахаас өмнө төлөвлөсөн ажлууд зөндөө байгаа. Тиймээс би зүгээр суух, өөрийгөө бодох эрх байхгүй.

Хөтлөгч Д.Бат-Октябрь: Та энэ компаниа хөл дээр нь босгочхоод цаашдаа өөр юу хийнэ гэж боддог вэ?

М.Уянга: Би анх энэ компанийг үе дамжсан гэр бүлийн компани байлгана гэж бодож байсан ч явцын дунд миний зорилго өөрчлөгдсөн. Энэ компани заавал гэр бүлийн компани байх шаардлагагүй юм байна. Энэ компанийг хэн чадвартай мэдлэгтэй, боломжтой байна тэр хүн цаашид авч явах нь зөв юм байна. Ингэж байж энэ компани илүү олон жил оршин тогтнох ёстой юм байна гэж боддог болсон. Тиймээс ирээдүйд удирдаж авч явах ёстой удирдагч нарыг би өөрөө бэлдэж гаргах ёстой гэж бодож байгаа учир энэ компанийнхаа суурийг сайн тавих ёстой гэж төлөвлөж ажиллаж байгаа.

Хөтлөгч Д.Бат-Октябрь: Та цаашид хир олон жил компаниа удирдаж авч явна гэж бодож байна. Одоогоор төлөвлөсөн зүйл байгаа юу?

М.Уянга: Мэдээж байгаа. Миний анхны мөрөөдөж байсан энэ компанийн хүрэх оргилыг би харж чадахгүй юм шиг байна лээ. Гэхдээ би олон жил байхгүй гэж бодож байгаа. Магадгүй миний дараагийн удирдлага гарч ирээд илүү сайн удирдах бодлого гарган үсрэнгүй хөгжүүлж болно. Ер нь юм гэдэг ээлж дараатай байх ёстой гэж боддог. Гэхдээ би компанийнхаа зөвлөх нь ч юм уу болоод байнга холбоотой байна гэж боддог.

Хөтлөгч Д.Бат-Октябрь: Уламжлалт ёсоор хамгийн сүүлийн асуултаа асууя. Та энэ олон жилийн туршлага алдаа оноон дээрээсээ сурсан мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцаач.

М.Уянга: За. Маш сайн бөгөөд хурдан өргөн цар хүрээтэй бод. Бодохдоо энэ ажлыг хийснээр ямар эрсдэлтэй учирч болох вэ? Амжилттай байж болно тэгвэл сайн. Харин амжилтгүй болсон тохиолдолд түүнийг давж туулах сэтгэл зүйн бэлтгэл чамд байна уу? гэдэг энэ хоёр зүйл маш чухал. Миний хэлээд байгаа тэр эрсдэл дунд санхүүгийн асуудал мөн орсон байгаа. Үүнд би бэлэн байна уу гэдгээ сайн бодоод зоригтойгоор эхлэх хэрэгтэй. Эхлэл заавал том байх хэрэггүй гэж хэлмээр байна.

 

Ярилцсан: Д. Бат-Октябрь