Блогын мэдээ

Буцах

02 May, 2016

ОЮУНЫ ӨМЧИЙГ ХАМГААЛЦГААЯ


Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүх салбар түүний дотор архитектур, хот байгуулалт, зураг төслийн салбарт оюуны хөдөлмөрийн үнэлэмж, оюуны өмчийн хамгаалалт, зохиогчийн эрхийн асуудлууд хууль, эрх зүйн зохицуулалт, практик үйл ажиллагааны ахиц дэвшил багатай, зөрчил дутагдал ихтэй байна.  

Дэлхий дахинаа архитектур, хот төлөвлөлт, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулж байгаа архитектор, инженерүүдийн бүтээл, оюуны хөдөлмөрийн өндөр үнэлэмжтэй, оюуны өмчийн томоохон бүтээлд тооцогдон өмчлөх, ашиглах эрх болон зохиогчийн эрх нь хуулийн хүрээнд нарийвчлан зохицуулагдсан байдгаас бусдын сэтгэн бодож хөдөлмөрлөж бүтээсэн оюуны өмчийг амар хялбар арга замаар ашиг  олох зорилгоор хулгайлах, хуулбарлах, ашиглах асуудал бараг гардаггүй байна.

Гэтэл манай улсад оюуны өмчийн хамгаалалт, зохиогчийн эрхийн асуудал зөвхөн соёл урлагийн салбарт л арай илүү яригдаж бусад салбарт төдийлөн ач холбогдол өгөхгүй мэт байгаа нь чухам юунаас болоод байна вэ? Бидэнд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль байна. Засгийн газрын түвшинд “Оюуны өмчийн газар” ажиллаж байна.

Дээрх хуульд манай салбарын, бидний оюуны бүтээлийн болон зохиогчийн эрхийн талаар ерөнхий боловч зохицуулалтууд байгааг өнөөг хүртэл ерөөс хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхийн төлөө ямар нэгэн байгууллага, иргэн ямар ч алхам хийгээгүй байгаа нь харамсалтай...

Уг хуульд  зохиогчийн эрх болон түүнд хамаарагдах эрхээр хамгаалагдах бүтээлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах;

  • Зохиогчийн эрхээр хамгаалах бүтээлд архитектурын бүтээл, уран барилга, хот байгуулалтын бүтээл ...-ийг хамруулах;
  • Зохиогч хүсвэл өөрийн бүтээл, түүнтэй холбоотой бүтээл ашиглах онцгой эрхийг бусдад шилжүүлэх гэрээ хэлцлийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад сайн дурын үндсэн дээр бүртгүүлэх;
  • Захиалгаар туурвисан бүтээлийг ашиглах онцгой эрхийг гэрээнд заасан этгээд эдлэх;
  • Зохиогчийн эрхийг хамгаалах, зохиогчийн эрхийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх зэрэг харилцаануудыг зохицуулсан байна.

Хуулийн зохицуулалтыг барилга, хот байгуулалт, зураг төслийн салбарт хэрхэн хэрэгжүүлэх талаар хэн ч санаа тавьдаггүй байгаагаас манай салбарт оюуны өмчийн зохиогчийн эрхийг зөрчиж бусдын гаргасан санаа, хөдөлмөрлөж бүтээсэн оюуны бүтээлийг хуулбарлах, ашиглах, хулгайлах арга барил хэвийн үзэгдэл мэт болж байгаа энэ цагийн асуудал, алдааг хэн хэрхэн залруулах вэ?

Бид өөрсдийн оюуны бүтээлийг өөрсдөө хамгаалах цаг хэдийн болсон ч хэн нэгэн энэ ажлыг бидний өмнөөс хийх юм шиг хүлээж суугаа нь архитектор, инженер, техникийн ажилтнууд бидний алдаа мөнөөс мөн. Оюуны өмчөө хамгаалах асуудал яригдах бүрд өмнөөс яригддаг хууль эрх зүйн мэдлэггүйгээс хэмээх уртаас урт тайлбар бол үнэндээ асуудлыг түр хойшлуулах гэсэн шалтаг төдий зүйл юм.

Цаашид бид оюуны өмчийг хамгаалах зорилгоор бүтээл, бүтээлийн эзэн, зохиогчийн тухай үнэн зөв мэдээлэл байнга олгох нэгэн лавлахтай болох бүтээл түүнийг ашиглах эрхээ оюуны өмчийн байгууллагад бүртгүүлдэг байх, улирал бүр өөрсдийн оюуны өмчид халдсан халдлагууд, тэдэнтэй үр дүнтэй хэрхэн тэмцэж буй талаарх сургалт, уулзалт мөн бидний мэргэжлийн эрх ашгийг хамгаалах зорилго бүхий холбоо болон компанийн дэргэдэх хуулийн багуудаас нэгдсэн зөвлөгөө авах, энэ төрлийн чиглэлээр мэргэшсэн хуульчидтай байнга хамтран ажиллах зэрэг идэвхтэй хамрагдахгүй бол бидний бүтээлүүдийг мэргэжил нэгтэй хэн нэгэн, ашиг олох зорилго бүхий бүлэг этгээдүүд, хуулбарласаар, ашигласаар байх болно.

Тиймээс яг одоо энэ цаг мөчөөс эхлээд шинээр бүтээл, ажил, төсөл боловсруулахын зэрэгцээ хамгаалах, хуулийн зохицуулалтыг бодитой тодорхой болгох эрчимжүүлэх хэрэгтэй байна.

ОЮУНЫ ӨМЧӨӨ ХАМТДАА ХАМГААЛЦГААЯ!