iso

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТЭН - ЗАЛГАМЖ ИРЭЭДҮЙ

Мэргэжил бүхэн сайхан. Мэргэжил бол тодорхой ажил, хөдөлмөрийг эрхлэхэд шаардагдах мэдлэг чадвар, дадлын нийлбэр цогцыг хэлдэг. Өнөөдөр дэлхийн хэмжээнд 800 гаруй мэргэжил байдгийн дотор зөвхөн барилга, хот байгуулалтын зураг төслийн чиглэлээр архитектор, зохион бүтээгч, инженер болон бусад төрөл мэргэжлийн 10 гаруй мэргэжил багтсан байдаг. Манай улс дотоод гадаадын их, дээд сургуулиудад эдгээр мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэгдэж байна.

Нийгэм, эдийн засаг, техник технологийн хурдацтай хөгжил нь мэдээллийн технологид суурилсан цоо шинэ чадвар, мэдлэг, мэдрэмж, үйл ажиллагааны дадал, туршлагыг шаардах болж байгаа энэ цаг үед их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр, түүний агуулга багтаамжийн дагуу 4 жилийн хугацаанд суралцан төгсөж буй мэргэжилтнүүд тухайн мэргэжлийн чиглэлээр хангалттай мэдлэг практик дадал, туршлагыг эзэмших боломжгүй юм. Хот төлөвлөлт, барилга байгууламжийн зураг төсөл зохиох, түүнийг хэрэгжүүлэх ажил бол мэргэжилтнүүдээс мэргэжлийн бэлтгэл, оюуны чадамж, хичээл зүтгэл, ур чадвар, харилцан уялдаатай хамтарсан бүтээл, үйл ажиллагааны өвөрмөц онцлогтой  байдаг.

Энэ чиглэлээр гол төлөв залуус, залуу мэргэжилтнүүд хийж бүтээх, сурч дадлагажих өөдрөг хүсэл тэмүүлэлтэйгээр ажиллаж байгаа нь сайшаалтай хэрэг. Архитектор зураг төсөл зохиогчид бол нийгэм, цаг үе, хүмүүний сайн сайхны төлөөх сайн үйлс бүтээн байгуулахын анхны санаа, судалгаа дүгнэлт, тооцоолол шийдлийг олон талаас олон хувилбараар боловсруулж байдгийн хувьд өөр өөр сонирхол, үзэл бодол, арга барил, зан харилцаатай, хөрөнгө чинээ, хүсэл тэмүүлэл, хүрэх ирээдүйн зорилго, харсан үзсэнээрээ харилцан адилгүй хүмүүстэй өдөр тутам харилцаж хамтран ажиллаж байдаг юм.

Сүүлийн үед зураг төсөл зохиох, боловсруулах гэдэг оюуны хөдөлмөр ихтэй олон төрлийн мэргэжлүүдийн оролцоотой өөрийн техникийн норм дүрэм, стандарт, хууль, эрх зүйн баримт бичигтэй тогтсон технологийн дагуу хийгддэг ажлыг дэндүү хялбарчлан ойлгож төдий чинээ хялбархан үнэлэмжтэйгээр хандах хандлага зонхилох болж байгаа нь харамсалтай.Зарим захиалагч, хөрөнгө оруулагч нар мөнгөө төлөөд авсан л бол миний мэдлийнх болсон хэмээн ташаа ойлгож зохиогчийг үл тоомсорлон хандажбарилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийлгэхгүй байх, байгуулагдсан зураг төслийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчлөх зэргээр хууль, дүрэм зөрчиж байгааг зогсоох хэрэгтэй.

Энэ 2016 онд батлагдсан Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгад дээрх зөрчлийг дараах байдлаар журамласан байна.

  • Барилгын ажлын үе шат бүрд зохиогчийн хяналт хийлгэж хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр материал, хийц, бүтээц, эдлэхүүний чанар, аюулгүй байдлын техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлж холбогдох зардлыг хариуцах;
  • Захиалагч барилга байгууламжийн зураг төслийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно;
  • Барилга байгууламжийн зураг төсөлд өөрчлөлт оруулах захиалагчийн санал, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт тавих чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн тохиолдолд зөвшөөрч баталгаажуулах;
  • Зохиогчийн техникийн хяналтыг барилгын ажлын үе шатанд гэрээний үндсэн дээр гүйцэтгэх;
  • Барилгын ажилд зохиогчийн хяналтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авахыг захиалагчаас шаардах;
  • Барилгын ажлын зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно;
  • Барилгын ажлын явцад зураг төсөл өөрчлөгдсөн бол гүйцэтгэлийн зураг төсөл боловсруулж баталгаажуулах зэрэг хуулийн заалтуудыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон.

Мөн хуулиар барилга байгууламжийн түвэгшлээр нь 5 ангилсан. Энэхүү ангилалтай уялдан барилга байгууламжийн зураг төслийг боловсруулахдаа дундаас дээш түвэгшилтэй барилга, байгууламжийн зураг төслийг харьцангуй дадлага, туршлагатай зөвлөх, мэргэшсэн мэргэжилтнүүдийн оролцоо, зөвлөгөө, хяналт шаардлагатайгаар хамтран ажиллаж залуу мэргэжилтнүүд маань оролцож туршлагажиж, өсөж хөгжиж, бүтээж туурвиж байна.Залуу мэргэжилтэн бүр богино хугацаанд чадварлаг сайн мэргэжилтэн болж ахиж дээшлэн мэргэших хүсэл тэмүүлэл, эрч хүч, эрхэм зорилготой ажиллах шаардлагатай. Залуу мэргэжилтнүүдэд итгэл өгч, урам хайрлаж, хүндэтгэлтэй хандаж халамжлахын зэрэгцээ тэдэнд мэргэшил, ёс суртахуун, ажилд хандах хандлага, ачаалал даах чадвар, сахилга хариуцлагын өндөр шаардлага тавьж ажиллах нь байгууллага хамт олон, удирдах ажилтан бүрийн үүрэг юм.

Энэ цагийн залуу мэргэжилтнүүд бол ирээдүй цагийн сайн мэргэшсэн мэргэжилтний залгамж үе билээ.