iso

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТЭН - ЗАЛГАМЖ ИРЭЭДҮЙ (PART 2)

Өнөө үед зураг төслийн салбарт голлох ажиллах хүчин нь залуу мэргэжилтнүүд байна. “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн хувьд ч төсөлд оролцогч талууд хийгээд цаг үе, зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангах чанартай бүтээгдэхүүн хүргэх зорилгоо багийн гишүүн бүр нь ухамсарлаж, нэг зорилгын төлөө хичээн зүтгэж буй шижигнэсэн залуу мэргэжилтнүүд ихтэй хамт олон.

Чанар, үр ашиг, шинэ технологи, талуудын хэрэгцээ шаардлагыг хангах, цаг үеэ мэдэрсэн шийдлүүд гээд олон талыг цогцлоож, нэгэн бүтээл бий болгохын тулд бидэнд чамгүй хүндрэл бэрхшээл тулгарч, биднээс тууштай байдал, ур чадвар, мэдлэг туршлагыг шаарддаг. Харин залуу мэргэжилтнүүд маань тулгарсан бэрхшээл бүрд шантралгүй, алхам тутамдаа өөрсдийгөө сорин, шинийг эрэлхийлж, тууштай хөдөлмөрлөж байгааг харах бахархууштай.  Энэ нь манай залуучууд бусдаас онцгой гэдгийг илтгэнэ.

Сүүлийн үед залуучуудыг мэдлэг туршлагагүй хэмээн үл тоомсорлох, тэр дундаа аль хэдийн юмсыг өргөн цар хүрээ, уужим ухаанаар харах ухамсар, мэдлэг, туршлагатай болсон дээд үе, зарим төсөл хэрэгжүүлэгч байгууллагын чадварлаг мэргэжилтнүүд нь залуусыг нас, хүйс, туршлагаас нь хамаарч дорд үзэх, дарамтлах, ёс бус үг хэллэгээр гутаан доромжлох буруу хандлага ажиглагдаж буй нь харамсалтай.

Та бүхний гаргах хахир хандлага, хатуу үг, олон дахин буцах оновчтой бус шийдвэрүүдийг залуу мэргэжилтнүүдийн тал нь л тэсэж тэвчин урагшлах болов уу. Эцэст нь ихэнх залуус өөртөө итгэх итгэлгүй, хийж бүтээх урам зориггүй, бүтээлч бус, өдөр хоногийг аргацаах энгийн нэгэн ажилтан болон хувирдаг нь харамсмаар.

Залуучууд “үг даадаггүй, хатуужилгүй” гэх үгсийг их сонсдог. Гэхдээ үе үеийн шилдэг туршлагатай мэргэжилтнүүдийн залгамж халаа болж буй залуусаа хүндэлж, урам зоригийг нь бадрааж, зааж сурган, чиглүүлж, асуудлыг хэрхэн өргөн хүрээнд харах талаар ойлгуулж, итгэл хүлээлгэх нь чадварлаг, хийх бүтээх хүсэл тэмүүллээр дүүрэн ирээдүйг бэлдэх хүсэлтэй хүн бүрийн “үүрэг” юм. Нэгэнт итгэлээ олсон залуучууд тууштайгаар суралцаж, хөдөлмөрлөхөд ирээдүйд хүссэн хүсээгүй өндөр ур чадвар, мэдлэг туршлагатай мэргэжилтэн болох нь гарцаагүй.

Манай компанийн удирдлагууд тэдэнтэй мөн адил “залуу мэргэжилтэн” гэх цаг үеийг туулж явсан, туулж яваа тул залуу үеийнхээ эрч хүч, хүсэл тэмүүллээс суралцаж, хатуу үг хэлэн чиглүүлж, хэрэгтэй үед нь халамжилж яваагийн хувьд шаардлагатай гэж үзвэл буруу хандлагатай төсөл хэрэгжүүлэгч талуудаас татгалзахад бэлэн байдаг болсон билээ.

Тэдэнд нойргүй хоносон олон шөнө, найзуудтайгаа уулзаагүй олон орой, гэр бүлтэйгээ өнгөрүүлээгүй олон амралтын өдрүүд бий. Гэвч эдгээрээс илүү тавьсан зорилго, ажиллаж буй төслийнхөө төлөө “хичээдэг” учраас урам нь хугардаг, шантардаг юм шүү. Тиймд, залуу мэргэжилтнүүдийнхээ өмнөөс өвддөг, шантардаг, ядардаг, алддаг “залуу” байгаад нь хүлцэл өчье.