Сэтгүүлийн энэ сарын дугаарын зочноор Барилгын Хөгжлийн Үндэсний Нэгдсэн Төвийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Г.Мягмар гуайг урьж ярилцлаа.
- Барилгын салбарын мэргэжлийн холбоодыг удирдан ажиллаж байгаа хүний хувьд салбарын шинэчлэлийн талаар ямар бодолтой байдаг вэ?
- Барилгын салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа нэгтгэе, төрийн байгууллагатай харилцан уялдаатай хамтарч ажиллаж байхын тулд нэгдэж нийлье гэж ярилцаад 11 холбоодын төлөөлөл бүхий Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийг 2011 оны 7 сард байгуулсан. Энэ холбоо маань төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үндсэн зорилготой. Шинэчлэлийн засгийн газар байгуулагдаад барилгын салбарт нэлээн олон зүйлийг шинэчилнэ гэж төлөвлөж байсан. Энэ утгаараа шинэчлэлийн ямар ажлууд хийж хэрэгжүүлэх талаар салбарын төрийн бус байгууллагуудтай чиглэл чиглэлээр хэд хэдэн удаа авч уулзсан. Үүний үр дүнд Монголын барилгын салбар нь 100 хувь хувийн хэвшилд шилжсэн салбар учраас төр тодорхой бодлогоор дэмжиж ажиллах, хувийн хэвшлийнхэнд бизнесийн таатай орчныг бүрдүүлж өгөх ёстой юм байна, салбарын шинэчлэл энэ зүг рүү л чиглэх хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн. Гэхдээ энэ жил гаруйн хугацаанд дорвитой шинэчлэл хийгдэж, бидний анх ярьж ойлголцож байсан шиг бодитой үр дүн харагдсангүй. Харин энэ хугацаанд Засгийн газрын 151-р тогтоолын дагуу барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм гаргаж, эрхийг нь орон нутаг руу шилжүүлэх, шат дамжлагыг цөөлөх арга хэмжээг авлаа. Мөн барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр эргэлтийн хөрөнгийн зээл олгох ажлыг зохион байгуулсан нь цагаа олсон зөв ажил байсан. Өөр бодитой ажил гэвэл орон сууцны ипотекийн зээл байна. Эдгээрээс гадна салбар луу чиглэсэн, алсын хараатай, бодлогын хэмжээний шинэчлэл хийгдсэнгүй.
- Барилгын тухай шинэчилсэн хуулийн төслийн боловсруулалт удаашралтай явагдаад байх шиг. Одоо боловсруулж байгаа хууль өмнөх хуулиас юугаараа онцлог, ахицтай хууль болж байна вэ?
- Энэ шинэ хуулийн концевц нь өмнөхөөсөө зарчмын хувьд нэлээн ялгаатай. Өмнөх хууль бол тухайн цаг үедээ барилгын салбарт тулгамдаж байсан асуудлыг арай нааштайгаар шийдэх шийдлээр боловсруулагдаж байсан хууль. Одоо шинээр гарах хууль маань үндсэндээ Гүрж улсын барилгын хуулийг орчуулж, Монгол хөрсөнд нийцүүлэх маягаар хийгдэж байгаа. Хуулийн төсөл одоохондоо орчуулгын чанартай эх бэлтгэгдсэн түвшинд л байна. Хуулиар ямар асуудлыг яаж шийдвэл зохилтой вэ гэдэг шаардлагыг сайтар тусгаж өгөхгүй бол батлагдаж гарсан хойноо амьдралд хэрэгжих боломжгүй, барилгын салбараас хөндий хууль болох учраас барилгын салбарын мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийнхний өөрсдийн нь оролцоо, санал бодол маш чухал.Түүнчлэн барилгын салбар нь барилгын захиалагч, гүйцэтгэгч, хөрөнгө оруулагч, барилгын материал үйлдвэрлэгч гэх мэт маш олон оролцогч талыг хамрахаас гадна зам тээвэр, дэд бүтэц зэрэг бусад салбартай салшгүй холбоотой байдаг учраас тэдгээрийн санал бодлыг мөн тусгаснаар илүү үр өгөөжтэй, урт настай хууль болох юм. Гэхдээ миний харж байгаагаар энэ хуулийн боловсруулалт маш удаан хийгдэж байна. Хуулийг боловсруулах, батлуулах үйл явц нь тодорхой шат дараатай, цаг хугацаа их шаарддаг ажил. Салбарынхаа саналыг авч эцэслэн боловсруулсан хуулийн төслөө бусад салбарын яамнуудаар хянуулж, тэднээс ирүүлсэн саналыг тунгаан зохих өөрчлөлтийг хийсний дараа Хууль зүйн яамнаас хууль өргөн барих зөвшөөрлөө аваад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ. Ингээд Засгийн газраас болж байнаа гэж үзвэл УИХ-д өргөн барина. Гэтэл УИХ-д өргөн барьсан хууль болгон амархан батлагддаггүй, тэнд хэлэлцэх процесс нь бас их хугацаа шаарддаг шүү дээ. Тэгэхээр барилгын шинэчилсэн хууль ирэх онд батлагдах үгүй нь тодорхойгүй байна гэсэн үг. Барилгын хуулийн шинэчлэл ийм удаан байгаа нь салбарын шинэчлэлийн асуудал тэр хэмжээгээр удаашралтай, явуургүй байнаа л гэж би хувьдаа дүгнэж байна.
- Барилгын салбарын хүнд суртлыг арилгах зөв гарц нь төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн төрийн бус байгууллагад шилжүүлэх явдал гэдэг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
- Манай улсад өнөөдөр барилгын салбарын бүхий л зохицуулалт, үйл ажиллагааг төрийн нэрийн өмнөөс шийдвэрлээд явж байна. Гэтэл олон улсын жишгээр бол барилгын салбарт төрийн оролцоо маш бага, мэргэжлийн төрийн бус байгууллага, холбоод нь норм нормативаа боловсруулаад, тусгай зөвшөөрлөө олгоод, магадлалаа хийгээд салбараа хөгжүүлж ирсэн байдаг. Тэгэхээр төрийн оролцоог аль болох багасгаж, тодорхой зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийнхэнд чиглэл чиглэлээр нь өгч гүйцэтгүүлснээр нэг талаас энэ салбарт тогтвортой үйл ажиллагаа өрнөж, үр дүн дээшилнэ. Энэ нь аль ч Засгийн газрын үед салбарын мэргэжлийн үйл ажиллагаа доголдохгүй, тогтвортой хөгжих боломж бүрдэнэ гэсэн үг. Нөгөө талаас бидний яриад байгаа хүнд суртлын улмаас цаг хугацаа алддаг, авилгал өгдөг, авдаг асуудал цэгцэрнэ. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад тусгай зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод шилжүүлнэ, магадлалыг мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ гэж ярьж, тохиролцож байсан ч одоог хүртэл бодит амьдрал ажил хэрэг болж хэрэгжсэнгүй. Өнөөдрийн байдлаар зөвхөн барилгын материалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо олгож байгаагаас өөр ахиц дэвшил алга. Энэ ажлыг шийдэж байгаа бол иж бүрнээр нь нэг тал руу нь шилжүүлэх ёстой байсан. Гэтэл барилгын материалын технологийн зааврыг бүртгэх үйл ажиллагаа нэг газар, барилгын материал, бүтээгдэхүүнийг баталгаажуулах ажил бас нэг өөр газар хариуцаж байгаа жишээтэй. Барилгын материал ч гэлтгүй, салбартай холбоотой бусад асуудлыг мэргэжлийн чиглэлээр нь нэг л газар цогцоор нь шийдээд, төр түүнд нь хяналт тавиад, бодлогоор дэмжээд, чиглэл өгөөд явдаг бол барилгын салбарын хөгжилд ихээхэн эерэг нөлөө үзүүлэх юм. Тэгэхээр төрөөс салбарын мэргэжлийн төрийн бус байгууллага, холбоодыг чадавхжуулах, тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг зориуд бодлоготойгоор авч хэрэгжүүлэхгүй бол хувийн хэвшлийнхний авч явж байгаа хөгжлийг хойш нь чангаасаар байх болно. Салбарын мэргэжлийн үйл ажиллагааг мэргэжлийн холбоод нь авч явахгүй бол, төрийн бус байгууллагад төрийн зарим чиг үүргийг шилжүүлээгүй цагт барилгын салбарыг хөгжүүлнэ, хүнд суртлыг арилгана, шат дамжлагыг цөөрүүлнэ, өрсөлдөөн бий болгоно гэж яриад ч хэрэггүй.
- Тэгэхээр төр зарим чиг үүргээ шилжүүлэхгүй байгаагийн шалтгаан нь юунд байна вэ? Төр нь өөрөө хүсэхгүй байна уу, эсвэл мэргэжлийн холбоод нь чадавхгүй байна уу?
- Төрийн байгууллагынхны амнаас унадаг ганц үг нь төрийн бус байгууллагууд төрийн үйл ажиллагааг авч явах чадавх суугаагүй байна л гэдэг. Гэтэл төрийн байгууллагын ажилтнууд нь мэргэжлийн байгууллагуудын нэгдэлд байгаа мэргэжилтнүүдээс илүү гоц гойд чадвартай бил үү. Яах вэ энд тэнд түрээс төлж, зай завсар багатай өрөөнд суудаг бидэнтэй харьцуулахад тооны хувьд олон, илүү сайхан албан газарт суудгаараа л ялгаатай байх. Төрийн байгууллагынхан мэргэжлийн холбоодыг тав зургаахан хүн ажилладаг юм билээ гэж ханддаг. Гэхдээ тэр 6 хүн чинь мэргэжлийн ажлаа нэгд нэгэнгүй мэддэг, мэргэшсэн чадварлаг хүмүүс шүү дээ. Өнөөдөр салбарын төрийн байгууллагад норм норматив боловсруулах байтугай хуучин норм нормативыг уншаад ойлгох хүн цөөхөн бий. Үүнээс гадна одоогийн салбарын төрийн байгууллагын бүтэц нь маш оновчгүй байна. Өөрөөр хэлбэл яам, яамны харьяа төрөл мэргэжлийн газрууд, "Барилгын хөгжлийн төв" гэдэг төрийн өмчит ашгийн төлөө байгууллага, дээр нь "Барилгын эрдэм шинжилгээ, зураг төслийн институт" гэдэг төсөвт үйлдвэрийн газар гээд эдгээрийн үйл ажиллагааны давхардал их байна, бас хийх ёстой ажлыг нь зөв оноож өгөөгүй. Салбарын төрийн бус байгууллага гэдэг бол одоо ажиллаж байгаа ганц нэг хүний асуудал ч биш, салбарын хүрээний мэргэжилтнүүдийн дийлэнх олонхыг өөртөө багтаасан, цаашид залгамж халгаа үүсгэн тасралтгүй үргэлжлэх үйл ажиллагаа бүхий мэргэжлийн байгууллага юм. Манай мэргэжлийн холбоод мэргэжлийн үйл ажиллагааг зохион байгуулах, авч явах тал дээр одоогийн төрийн байгууллагаас хамаагүй илүү чадвар чадавхтай. Олон улсын жишгийг харсан ч салбарын зарим үйл ажиллагааг мэргэжлийн төрийн бус байгууллагууд нь гүйцэтгээд явдаг. Бид өөрт хамаарах чиглэлээрээ л мэргэжлийнхээ үүргийг гүйцэтгэе гэснээс төрийн бүх үүрэг функцыг авна гэж яриагүй. Төрийн байгууллага нь бодлогоо боловсруулаад, нийгэмд гүйцэтгэх бусад үүргээ биелүүлээд, хяналтаа тавиад л явах ёстой юм.
- Тэгвэл төрийн бодлого нь бодлогоо боловсруулж чадаж байна уу? Барилгын салбарт тогтсон бодлого алга гэж ярих хүн олон бий?
- Хуучин барилгын салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө гэж гардаг байсан. Гэтэл энэ төлөвлөгөөний хугацаа аль 2010 онд дууссанаас хойш одоог хүртэл дараагийн мастер төлөвлөгөө хийгдээгүй л байна. Түүнээс хойш Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Монгол улсын хөгжлийн хөтөлбөр гэж гарсан. Гэтэл манайхан иймэрхүү хэтийн төлөвлөлт дээр үндэслэн ойрын үеийн зорилтоо тодорхойлж, үе шаттай хөгжлийн бодлого боловсруулах тал дээр учир дутагдалтай. Энэ утгаараа салбарын хөгжлийн ойрын болон хэтийн төлөвлөгөөг ойшоож үзэхгүй байх шиг. Тухайн үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хэдэн ажлуудыг л дөрвөн жилийн хугацаандаа багтааж хийхийн тулд ажиллахаас биш салбарын хэтийн хувь заяаг шийдвэрлэхүйц албан ёсны бодлого ерөөсөө боловсруулахгүй байна. Монгол улсын нийгэм, эдийн засаг тэлж томорч байгаа энэ үед барилгын салбар нь түүнд хамгийн их нөлөө үзүүлж байгаа салбар болоод байна. Иймээс улс орны хөгжлийн түүхэн гэрч болж үлддэг барилгын салбараа анхаарч, хөгжлийн мастер төлөвлөгөөг яаралтай боловсруулъя гэж бид өчнөөн ярьсан ч төлөвлөсөн мөнгө төгрөг байхгүй гэсэн шалтгаанаар авч хэлэлцээгүй л дээ. Тэгэхээр тухайн үеийнхээ Засгийн газарт л үйлчилдэг, салбарын хэтийн хөгжлийг ойшоодоггүй, дөрвөн жил болоод л байнга солигдож байдаг учраас манай салбар тогтсон бодлогогүй байгаа юм. Яг үнэндээ одоогийн салбар эрхэлсэн яаманд гадаад, дотоодоос ирсэн элдэв гэрээ хэлцэл, бичиг баримтад л хариу өгөхөд ихэнх цаг заваа зориулсан хүмүүс байна ш дээ. Засгийн газар, яамнууд нь дөрвөн жилийн хугацааны мөчлөгтэй солигдож байдаг, үүндээ тааруулж ажлаа төлөвлөж хийдэг ийм нөхцөлд салбараа хөгжүүлье мэргэжлийн холбоодод шаардлагатай чиг үүргийг хуваарилж гүйцэтгүүлэх нь хамгийн зөв шийдэл болно. Гэтэл тусгай зөвшөөрөл олгох, магадлал хийх, сургалт судалгаа явуулах, норм норматив боловсруулах гэсэн энэ хэдхэн үүргийг төрийн байгууллага нь харамлаж булаацалдсаар байгаад бусад салбартай харьцуулахад манай барилгын салбар хамгийн хоцрогдсон салбар болж байна. Тухайлбал зам тээврийн салбар гэхэд мэргэжлийн холбооддоо ихэнх үйл ажиллагаагаа шилжүүлээд өгчихсөн. Үүний үр дүнд захиалагчийн хяналт, захиалагчийн үйл ажиллагаа үндсэндээ зөвлөх үйлчилгээнд шилжээд, арай ахисан түвшинд ажлаа гүйцэтгээд байна.
- Өнөөдрийн байдлаар салбарын хэмжээнд хэчнээн мэргэжлийн холбоод үйл ажиллагаа явуулж байна вэ? Эдгээрийн хамтын ажиллагаа ямар түвшинд байгаа вэ?
- Бүртгэлтэй төрийн бус байгууллага, холбоо гэвэл 30 шахам байдаг юм билээ. Эдгээрээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, мэргэжлийн төрийн бус байгууллага гэвэл манай БХНТөвийг үүсгэн байгуулсан 11 холбоо л байна. Гэхдээ мэргэжлийн холбоодыг төрийн бус байгууллагаас ялгаж ойлгох хэрэгтэй. Төрийн бус байгууллага гэдэг нь тодорхой нас хүйс, ажил мэргэжил, нийгмийн сонирхлоор нэгдэж нийлсэн нийгэмд үйлчилдэг сайн дурын байгууллага. Харин мэргэжлийн төрийн бус байгууллага, холбоод нь салбарынхаа үйл ажиллагаанд мэргэжлийн үүднээс хандаж, идэвхтэй оролцдог, салбартаа мэргэжлийн үйл ажиллагааг зохион байгуулж явуулдаг.
- Цаашид мэргэжлийн холбоодыг чадавхжуулах, мэргэшүүлэх тал дээр ямар арга хэмжээг авч ажиллах ёстой вэ? Мэдээж энэ асуудалд холбоодын өөрсдийнх нь хүчин чармайлт чухал байх?
- Тэгэлгүй яах вэ. Мэргэжлийн холбоод маань тухайн чиглэлээр өөрсдийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх гэсэн үндсэн зорилго тавьж, үүнийхээ хүрээнд дотоодын чадавхыг дээшлүүлэх, бусад орны мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах, туршлага судлах шаардлагатай юм. Гадаад орны мэргэжлийн туршлагыг судалснаар өөрийн орондоо шинэ дэвшилтэт техник технологи, арга барилыг нэвтрүүлэх, норм нормативыг боловсронгуй болгох боломжууд илүүтэй бүрдэнэ. Сүүлийн арван жилд барилгын салбар дахин сэргэж, идэвхжиж байгаатай холбоотойгоор мэргэжлийн холбоодын чадавх ч сайжирч байгаа. Харин төрийн байгууллагаас бодлогоор мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг дэмжих, тэднийг чадавхжуулах, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулмаар байна.
- Барилгын чиглэлийн шинэ залуу боловсон хүчин, инженерүүдийн мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлэх тал дээр танай төвийн зүгээс ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?
- Барилгын салбар зогсонги байсан өмнөх арван жилд салбарын боловсон хүчний тасалдал үүссэн нь одоо эргээд мэдрэгдэж байна. Одоо шинээр төгсөж гарч байгаа залуу мэргэжилтнүүдэд ажлын туршлага маш их дутагдалтай байгаа. Хуучин бол хамгийн доод шатны ажлын байраас эхэлж ажиллуулаад, сургаж авдаг байсан тэр систем одоо алдагдаад, аль болох туршлагатай хүмүүсийг шууд авч ажиллуулах сонирхолтой болчихсон. Тиймээс боловсон хүчнийг мэргэшүүлэх ажлыг төрийн бодлогоор зохион байгуулах ёстой. Шинэ залуу инженер, мэргэжилтнүүдийг олноор нь авч ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, компанид тодорхой хэмжээний татварын хөнгөлөлт урамшуулал олгодог, дэмждэг байх. Мөн ахмад туршлагатай хүмүүсээ эдгээр залуусыг сургах, чадваржуулах ажилд татан оролцуулах боломжийг нээж өгөх хэрэгтэй байна. Энэ үүднээс манай мэргэжлийн холбоод ахмад үеийг залуустай холбох, шинэ үеэ сургаж боловсруулах, тэднийг мэргэшүүлэх чиглэлийн урт, богино хугацааны сургалтуудыг зохион байгуулдаг.
- Барилгын чанарын асуудал сүүлийн жилүүдэд ихээр яригдах боллоо, цаашдаа ч яригдах байх. Ер нь чанартай барилга барихын тулд юунаас эхлэх, чанарын хяналтыг хэн нь яаж тавих нь зохистой вэ?
- Барилга чанартай байхын эхлэл нь зураг төсөл маш зөв, чанартай хийгдсэн байх явдал. Инженерийн тооцоо зөв, шинээр нэвтэрсэн барилгын материалыг сайтар судалж, Монгол орны цаг уурын нөхцөл байдалд тохирохуйцаар зураг төсөлдөө тусгаж чадсан байвал барилга байгууламж чанартай баригдана. Өнөөгийн байдлаар зураг төслийн салбарын ахмад үе маань хойч үедээ халаагаа өгч салбарын үйл ажиллагаанд тэр бүр идэвхтэй оролцож чадахаа больсон байна. Гэтэл шинэ залуу инженерүүдийн чадвар, туршлага дутмаг учраас энэ нь зургийн чанарт их нөлөөлж байна. Хуучин архитектор мэргэжлээр төгссөн хүн ажлын талбарт бага техникчээр анх ороод, цааш нь техникч болж, түүнээс дээш ахлах техникч болсны дараа хоёр жил гаруй сайн ажиллавал мэргэжлийн архитектор гэж хүлээн зөвшөөрөгддөг байлаа. Харин одоо ийм дадлагажуулах үйл явц алдагдсан учраас хүсэл тэмүүллээр дүүрэн, диплом өвөртөлсөн залуус олширсон байна. Одоогийн барилгын зургийн чанарыг нийтдээ сайн гэж хэлж чадахгүй. Нэг барилга байгууламжийн зургийг иж бүрнээр зурж чаддаг зургийн компани одоо алга, дандаа хэсэг хэсгээр тасдаж өөр өөр газар зураад эвлүүлдэг болчхож. Байдал ийм байхад чанартай барилга барина гэдэг хүндрэлтэй асуудал. Дээрээс нь барилгын салбарт хяналт, судалгаа шинжилгээ гэдэг зүйл алга. Тусгай зөвшөөрлийг 2006 оноос хойш олгож эхэлснээс хойш одоо хэд нь үйл ажиллагаа явуулж байгаа, аль нь ямар түвшинд ажиллаж байгааг судалж тогтоосон, үнэлж дүгнэсэн юм байхгүй. Магадлалын хувьд ч ялгаагүй. Магадлалын ажлыг зохион байгуулж байгаа газар нь ашгийн араас хөөцөлдөхөө мэдэхээс чанарын асуудалд санаа тавьж, сэтгэл гаргахгүй байна. Төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулна, нээлттэй байна гэсэн асуудал манай салбарыг л тойроод байх юм. Сардаа яамнаас ямар асуудлаар хэдэн шийдвэр гарав гэдгээ тайлагнах, шинээр гарсан норм дүрмээ танилцуулах, салбарт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн үр дүнг мэдээлэх зэрэг ажил огт хийгдэхгүй байна. Тэгэхээр төрийн байгууллага нь хаалттай, ашгийн төлөө ажиллаад байвал энэ салбар шинэчлэгдэхгүй, хөгжил нь урагшаа биш хойшоо ухраад байна байх.
- Ярилцсанд баярлалаа.
Ярилцсан Б.Цолмонтуяа