iso

“Ногоон хот байгуулалт” хот байгуулалтын V дахь удаагийн форум зохион байгуулагдаж “Эн Эй Пи Групп” ХХК-ийн төлөөлөл “Сургуулийн ногоон байгуулалтын төлөвлөлт” сэдвээр илтгэл тавьлаа

 

Барилга, хот байгуулалтын яамаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хот байгуулалтын форум “Ногоон хот байгуулалт” сэдвийн дор 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр болж өндөрлөлөө. Хот байгуулалтын V-р форумд олон илтгэлүүд тавигдсанаас Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Хотууд-Ногоон өсөлтийн эх үүсвэр, Монгол улсын Хот байгуулалтын тайлан зэрэг илтгэлүүд нь форумд оролцогчдын анхаарлыг ихэд татсан төдийгүй шинэ мэдээлэл хүргэсэн онцлогтой байлаа. Мөн энэ удаагийн форумд “ЭН ЭЙ ПИ” ХХК-ийн төлөөлөл оролцож Монгол улсад анх удаа хэрэгжүүлэх гэж буй “Ногоон сургууль” төслийн хүрээнд “Сургуулийн ногоон барилгын төлөвлөлт” сэдвээр илтгэл тавьж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал зөвлөмжийг дэвшүүлэн амжилттай хэлэлцүүллээ.

Уг форумд Монгол Улсын Засгийн газар болон Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажилладаг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-Хабитат, Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл PAGE, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк, ЖАИКА зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөл, нийслэл Улаанбаатар хот, 21 аймгийн төлөөллөөс гадна хот байгуулалт, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл уригдан оролцсон юм. Форумын үеэр Монгол улсын Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” дундад хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд боловсруулагдсан Хотуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэсгэлэн зохион байгуулагдсан бөгөөд энэхүү үзэсгэлэнд “ЭН ЭЙ ПИ” ХХК, Дундговь аймгийн төв Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Говь-Алтай аймгийн төв Алтай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөр тус тус оролцлоо.