Бид 2020 оны 4-р сараас эхлэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний ажлыг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Барилга, хот байгуулалтын яамны захиалга, “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ийн санхүүжилтээр боловсруулаад байна.
Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго”, “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан Говийн бүсийн тэгш, хүртээмжтэй, аюулгүй, компактны “УХААЛАГ, ЗАГВАР СУМ” бага хот болгон хөгжүүлэхээр хот төлөвлөлтийн концепцийг дэвшүүлж байгаагаараа онцлог юм.
Өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт Өмнөговь аймгийн Ханбогд суманд айлчилж, “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” төлөвлөлтийн баримт бичгийг танилцуулж, Ханбогд сумын удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Мөн тус арга хэмжээний үеэр БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, "Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нар “Ханбогд сумын төвийн хөгжлийн талаарх харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь хөтөлбөрийн зохиогчдын багийн судлаачид, эрдэмтэд, эдийн засагчид, хот төлөвлөгчид, мэргэжилтнүүд, “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн хамт олны тууштайгаар оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулан хамтран ажилласан уг төсөл цаашид амжилттай хэрэгжих алхам болсон юм.