Бид Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Барилга хот байгуулалтын яамны захиалга, “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ийн санхүүжилтээр 2020 оны 4-р сараас эхлэн 2022 оны 01 дүгээр сар хүртэл тус бүсийн одоогийн нөхцөл байдлын судалгааг боловсруулж, дүн шинжилгээ хийж, нийгэм эдийн засгийн судалгааг аймаг, сум, бүс нутаг, улсын гэсэн 3 түвшинд судалснаар Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал, төлөвлөлтийг хот төлөвлөлт, аялал жуулчлал,зэм тээвэр, дэд бүтэц төлөвлөлт зэрэг салбар тус бүрээр боловсруулсан.
Мөн эдийн засгийн салбаруудын судалгаа, төвийн болон говийн бүсийн судалгаа зэрэг 12 судалгаа, Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого, үндэсний хөгжлийн бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого зэрэг 20 бодлогын баримт бичиг, 7 хууль, 3 журам, аргачлалтай нийцлийг хангуулан уялдуулж тус бүрээр индексээр үнэлгээ өгч ажиллажээ.
Хот төлөвлөлтийн судалгааны хүрээнд иргэдийн амьдрах орчны судалгааг түүврийн аргаар 400 айл өрхөөс, аж ахуй нэгжийн судалгааг 200 гаруй байгууллагуудаас авч үр дүнг харгалзахаас гадна хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам зэрэг 7 яам, 2 агентлаг, болон Барилгын хөгжлийн төв зэрэг газруудад танилцуулан цаашид хэрэгжүүлэх бодлоготой уялдууллаа.
Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг орон нутгийн иргэдийн оролцоотой, орон нутгийн нөхцөл байдал, онцлог, хөгжлийн чиг хандлагыг бодитойгоор тусгасан хэрэгжих үндэслэлтэй болгох үүднээс орон нутгийн удирдлага, төрийн бус байгууллагууд, иргэдийн саналыг 5 удаагийн зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгээр авч тусгажээ.
Ханбогд сумын төв нь Өмнөговь аймгийн төсвийн орлогын тал хувийг бүрдүүлдэг бөгөөд одоогоор хоёр мянга гаруй өрхийн 8,660 суурин хүн амтай. Уул уурхай, үйлдвэрлэл, тээвэрлэлт дагасан 20 мянга гаруй хөдөлгөөнт хүн амтай томоохон суурин юм. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 2040 он гэхэд 6,312 өрхийн 25,880 хүн, сумын төвд 5,292 өрхийн 22,226 хүн суурин амьдрахаар судалгаа, төлөвлөлттэй. Цаашид 2025 он гэхэд нийт өрхийн 15 хувь, дунд хугацаа буюу 2030 онд 25 хувь, 2040 он гэхэд 45 хувийг нь инженерийн төвлөрсөн хангамжтай сууцтай Говийн бүсийн тэгш, хүртээмжтэй, цомхон "Ухаалаг загвар сум" болгохоор төлөвлөөд байна.
Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг богино хугацаанд 2025 он хүртэл 250.1 га, дунд хугацааг 2030 он хүртэл 505.4 га, хэтийн төлөвлөлтийг 2040 он хүртэл 794.8 га талбайд хэрэгжүүлнэ.
Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцийн хувьд бид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан Олон улсын аргачлалаар хотын тогтвортой орчныг бий болгох “Ухаалаг, ногоон хот төлөвлөлт”-ийн шийдлийг дэвшүүлж нийгэм, хойч үе, эх дэлхийдээ сайн сайхан ирээдүйг бий болгохыг зорьсон билээ.
2022 оны 5-р сарын 26-ны өдөр Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймгийн Ханбогд суманд айлчилж “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040” төлөвлөлтийн баримт бичгийг танилцуулж, Ханбогд сумын удирдлагуудад хүлээлгэн өгсөн бол энэ 12 дугаар сард бид “Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2040” баримт бичгийг захиалагчдадаа албан ёсоор хүлээлгэн өгч, уг төлөвлөгөөний эхний ээлжийн хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд МУ-ын Засгийн газар, Оюу Толгой төсөл, Өмнөговь аймаг, Ханбогд сум харилцан ойлголцлын санамж бичгийг зурснаар “Оюутолгой” төслөөс Ханбогд сумын төвийн хот байгуулалт, дэд бүтцийн хөгжилд 5 жилийн хугацаанд 50 сая ам долларын хөрөнгө оруулалтыг татаж чадсан билээ.