iso

“I AM IMPORTANT 2023” Ирээдүйн инженер, архитекторуудад зориулсан туршлагаа хуваалцах өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.

“I AM IMPORTANT 2023” арга хэмжээг Барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ Групп” ХХК (N.A.P) болон Үндэсний шилдэг бүтээн байгуулагч “NCD Group” ХХК нь “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ, ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуультай хамтран 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт ерөнхий боловсролын сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургууль, МУИС-ийн Байгаль эх лицей ахлах сургууль, ШУТИС-ийн ахлах сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн сурагчдаас гадна барилгын салбарын ирээдүй болсон ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургууль, Эрчим хүчний сургууль, Мэдээлэл, Холбооны технологийн сургууль болон Барилгын политехник коллежийн 300 гаруй оюутан залуус оролцжээ.

Инженер, архитектор мэргэжлээр суралцаж буй болон суралцахаар зорьж байгаа залуу үеийнхэндээ мэргэжлийнх нь онцлог, үнэ цэнийг таниулан сурталчлах, барилга бүтээн байгуулалтын салбарт хэрэгжүүлсэн сайн туршлагаа хуваалцах, зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлүүдийн талаар мэдээлэл өгөх зорилготой “I AM IMPORTANT 2023” өдөрлөг 2023 оны 05-р сарын 05-ны өдөр ШУТИС-ийн Төв байранд амжилттай болж өндөрлөлөө.

Өдөрлөгийн үеэр салбарын туршлагатай эксперт, мэргэшсэн инженерүүд “Халаалт, агаар сэлгэлт, Ус хангамж ариутгах татуургын инженер, Цахилгаан, холбоо мэдээллийн инженер, Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, Архитектор, Ландшафт архитектор, Брэнд архитектор, Интерьер дизайнер мэргэжлүүдийн нийгэмд бүтээх үнэ цэн” сэдвээр сонирхолтой хэлэлцүүлгүүдийг өрнүүлж, оюутан залууст мэргэжлийнх нь онцлог, ажлын талбарт хүлээгдэж буй ур чадваруудын талаар үнэтэй зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцсан юм. Мөн тус өдөрлөгөөр ирээдүйн инженер техникийн ажилтнуудад амжилттай суралцаж, ажлын гараагаа эхлүүлэх боломжийг олгох зорилготойгоор “N.A.P Group”-ээс  зарлаж буй боловсролын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олголоо.

Тус арга хэмжээг хамтран зохион байгуулж, дэмжин ажилласан байгууллагууд болон өдөрлөгт цаг гарган ирж, туршлага хуримтлуулсан нийт оролцогчдодоо талархлаа илэрхийлье.

“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК